Стратегийн сонголт хийнэ гэдэг хэцүү, тэгээд ч өдөр тутам өөр өчнөөн хийх зүйл байхад үүнд цаг зарцуулах боломж тэр бүр гарахгүй. Тиймээс ч шаардагдах сонголтыг хийж, итгэл төрүүлэхүйц, бүрэн цогц ялалтын стратеги боловсруулан ажиллаж буй байгууллага тун ховор байдаг. Гүйцэтгэх захирал яаралтай ажлууддаа түүртсээр чухал ажлаа хийлгүй орхисон байх нь түгээмэл. Үргэлж ямар нэг ажил амжуулах ёстой гэсэн сэтгэхүйгээр тасралтгүй хөдөлж байдаг газарт бодох сэтгэх үйл явц аргагүй хойш тавигдана. Тэд ялалтын стратеги боловсруулахын оронд стратегийн асуудалд дараах байдлаар учир дутагдалтай ханддаг ажээ.
- Стратегийг алсын хараа гэж тодорхойлох. Эрхэм зорилго, алсын хараа нь стратегийн бүрдэл хэсэг мөн хэдий ч дангаараа хангалтгүй юм. Эндээс тэмүүлэх ирээдүйд хүрэх бүтээлч алхам, замын зургийг олж харахгүй. Мөн ямар бизнес эрхлэх, ямар бизнесээс хол байхаа ч олж мэдэхгүй. Энэ түвшинд өрсөлдөөний тогтвортой давуу тал, үнэ цэн бүтээх тулгуур хүчин зүйлсийн талаар авч үздэггүй.
- Стратегийг төлөвлөгөө гэж тодорхойлох. Төлөвлөгөө, тактик стратегийн нэг хэсэг мөн хэдий ч дангаараа бас л хангалтгүй юм. Байгууллага хэзээ, юу хийхийг заасан нарийн төлөвлөгөөтэй байлаа гээд энд тусгагдсан ажлууд цогцоороо өрсөлдөөний тогтвортой давуу тал бүтээнэ гэсэн үг биш.
- Урт хугацааны (тэр байтугай дунд хугацааны) стратеги гаргах боломжгүй гэж үзэх. Дэлхий ертөнц дэндүү хурдан өөрчлөгдөж байна, тиймээс стратегийг урьдаас бодож төлөвлөх боломжгүй. Үүний оронд шинээр гарч ирсэн аюул занал, боломж завшаанд тухай бүр хариу үзүүлэх нь зөв гэж зарим удирдагч ярьдаг. Олон технологийн бизнес, стартап компани энэ хандлагыг дагах болжээ. Тэд хурдтай өөрчлөгдөж буй зах зээлд ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ харамсалтай нь ийм зам сонгосон компани хариу үзүүлэгч төдий болон хувирч, илүү стратегич тоглогчдын идэш болдог. Ороо бусгаа цаг үед ч гэсэн стратегитай байгаад зогсохгүй стратегиар дамжуулан өрсөлдөөний тогтвортой давуу тал, үнэ цэний эх ундаргыг олж эзэмших боломжтой. Apple стратегиа нухацтай бодохгүй байна гэж үү? Google, Microsoft энэ асуудлыг бүр орхичихсон уу?
- Стратеги бол одоо байгаагаа улам ирлэн сайжруулах явдал гэж ойлгох. Олон манлайлагч одоо эрхэлж буй бизнесээ улам үр ашигтай болгохыг хичээдэг. Тэд ингэснээрээ тодорхой ахиц гаргаж үнэ цэн бүтээдэг нь үнэн. Гэхдээ энэ бол стратеги биш. Бодож тунгаалгүй одоо байгаагаа шууд сайжруулах нь буруу тийш хөрөнгө хүчээ тарамдах бодит эрсдэлийг үгүйсгэж буй хэрэг. Тэднийг ийн буруу замаар будаа тээж байх зуур илүү стратегич өрсөлдөгчид хажуугаар нь гүйцэж түрүүлнэ. Агаарын тээврийн компаниуд уламжлалт бизнес моделио сайжруулж байх зуур Southwest Airlines шууд нислэгийн цоо шинэ бизнес модель нэвтрүүлж хэрхэн амжилтад хүрснийг санаарай. Одоо байгаагаа өнгөлөн зүлгэх нь бизнест хэрэгтэй, гэхдээ энэ бол стратеги биш.
- Тэргүүн туршлага цуглуулах нь стратеги гэж бодох. Салбар бүр өөрийн гэсэн нийтлэг арга туршлагатай. Зарим байгууллага стратеги бол өрсөлдөгч нарын эсрэг бенчмарк хийж, адилхан зүйлийг илүү үр ашигтай хийж сурахын төлөөх тэмцэл гэж боддог. Бусадтай адилхан байна гэдэг стратеги биш, харин дунджийн далайд живэх урхи юм.
“Ялахын төлөө тогло” номын хэсгээс